Ерөнхий боловсролын Күнз сургууль 2018 онд байгуулагдсан боловч 2013 онд Күнз ХХК-ын харъяа хятад хэлний сургалттай Күнз боловсролын төв, солонгос хэлний сургалттай Ким боловсролын төв, англи хэлний сургалттай Фокус боловсролын төвөөр дамжуулан 10,000 гаруй оюутан залуусыг богино хугацааны гадаад хэлний сургалтад хамруулсан туршлагатай билээ.
Дэлхий нийтээрээ амаргүй цагийг туулж байгаа энэ цагт Ерөнхий боловсролын Күнз сургуулийн хамт олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийг зоригтой хэрэгжүүлж, 2021 оны 3 дугаар сард 500 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн шинэ байрыг ашиглалтад оруулав. Тус байр сургалтын хамгийн орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдож, сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдал, ая тухтай суралцах орчныг бүрдүүлж чадсанд үүсгэн байгуулагч, захирал миний бие туйлын их баяртай байна.
Күнз сургууль бага сургуулийн тусгай зөвшөөрөлтэйгээр гараагаа эхлүүлж байсан бол 2021 оны 9 дүгээр сард бүрэн дунд сургууль болон өргөжиж, 1 ээс 12 дугаар ангийн сурагчдаа хүлээн авах бэлтгэлийг сайтар хангалаа.
Бид Боловсрол суваг телевизтэй хамтран алсын зайн “Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх хөтөлбөр”, “Бизнесийн Хятад хэлний хөтөлбөр”, “Хүүхдэд зориулсан хятад хэлний хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. 2021 оны 4 дүгээр сард Хятад улсад сурахаар төлөвлөж буй оюутан залууст зориулж “Би Хятад улсад оюутан боллоо” алсын зайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон сайхан мэдээ, сайн боломжийг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Күнз сургуулиар овоглосон нийт багш, ажилчид, өнгөрсөн цагийн түүхийг бичиж ирсэн үе үеийн сурагчид, тэдний ард үргэлж сэтгэл зүтгэлээрээ дэмжиж байдаг эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.
Дэлхийд өрсөлдөх Монгол иргэдийг бэлтгэх их үйлсэд хамтдаа зүтгэе! Номын цагаан буян үргэлж дэлгэрч байг!