Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн бодлого
Манай сургууль нь Бага боловсролын сургалтын бодлогын хүрээнд “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамжийн дагуу Монгол хэл, Монгол ёс хүмүүжил, Математик, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Дүрслэх урлаг, технологи, Хөгжим, Биеийн тамир, Англи хэлний судлагдахуун тус бүрээр мэдлэг, чадварыг эзэмшүүлж, оюун
ухаан, хөдөлмөр, ёс суртахуун, бие бялдар, гоо зүй, эрх зүйн боловсрол, төлөвшлийг цогцоор нь бүрэлдүүлэн сурагчдын оршихуй, нийгэмшихүйн чадамжуудыг эзэмшүүлснээр дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Бага боловсрол нэртэй их боловсролын суурийг бат бөх тавихын тулд сурагчдын мэдлэг эзэмших, чадваржих үйл ажиллагааг судлагдахуунуудын дотоод, гадаад интеграцыг судлан хичээл болон хүүхэд хөгжүүлэх дулуйлан, секцийн үйл ажиллагааг нэг сэдэв, чиглэлийн дагуу цогц сургалт болгон заадаг.
Энэ ажилд хоёргүй сэтгэлээр заах арга барил сайтай, хүүхдийн төлөө сэтгэлтэй манай бага боловсролын багш нарын бүтээлч баг ажиллаж байна.
Гадаад хэлний сургалтын бодлого
Гадаад хэлний сургалтын бодлогын хүрээнд сурагчиддаа хос хэлний өндөр мэдлэг, чадварыг эзэмшүүлж, цаашдын суралцах үйл, ажил амьдралд нь давуу талыг бий болгон дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх зорилгыг урдаа тавин ажиллаж байна.
Гадаад хэлний хичээл нь хэлний дөрвөн элемент буюу авиа зүй, ханз үсэг, үг зүй, өгүүлбэр зүй дээр үндэслэн үе шат, системчлэлтэйгээр сонсох, унших, бичих, ярих гэсэн дөрвөн чадварыг цогц хөгжүүлэх өөрсдийн тусгай хөтөлбөрийн дагуу сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном, сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг сургалтандаа ашиглан, уламжлалт болон орчин үеийн арга барилыг хослуулан сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой.
Манай сургуулийн сурагчид 12 дугаар ангиа төгсөхдөө Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын хамгийн дээд оноо буюу HSK шалгалтын 6 оноо, IELTS шалгалтын 6 оноонд хүрэх зорилтыг тавин мэргэжлийн ур чадвартай багш боловсон хүчин хөтөлбөр төлөвлөгөөгөө боловруулан, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна.